20 дугаар зүйл. Хяналт
20.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Зохицуулах хороо болон харилцаа холбооны улсын байцаагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Зохицуулах хороо нь харилцан нөлөөллийг арилгах, хууль тогтоомж зөрчсөн этгээдийг хайх, илрүүлэх үйл ажиллагааг радио давтамж эзэмшигчийн үйл ажиллагаанд саад хохирол учруулахгүйгээр зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.Зохицуулах хороо нь олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын лабораторитой байж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
20.4.Төлбөрөө төлөөгүй радио давтамж ашиглагчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,3 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
20.5.Радио долгионы тухай хууль тогтоомжийг зөрчсөн дараахь тохиолдолд радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох эрхийг Зохицуулах хороо эдэлнэ:
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.1.радио төхөөрөмж нь стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөлийн шаардлага хангаагүй;
20.5.2.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй;
20.5.3.төлбөр төлөөгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
20.5.4.бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан;
20.5.5.Зохицуулах хороонд мэдэгдэлгүйгээр радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, давтамж болон ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.6.улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй;
20.5.7.радио төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласан.
20.6.Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журмыг Зохицуулах хороо баталж, мөрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./