16 дугаар зүйл. Хорооны даргын бүрэн эрх
16.1.Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.Хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
16.1.2.Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд Хорооны байр суурийг илэрхийлэх;
16.1.3.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
16.1.4.Хорооны гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
16.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
16.2.Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг Хорооны даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ.
16.3.Хорооны дарга нас барсан, эсхүл түүнийг энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлсөн, огцруулсан бол түүний үүргийг шинэ даргыг сонгох хүртэл санхүүгийн салбарт хамгийн олон жил ажилласан орон тооны гишүүн гүйцэтгэнэ.