10 дугаар зүйл. Түрээслэгчийн эрх, үүрэг
10.1. Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь эрх эдэлнэ:
10.1.1. түрээсийн зүйлийг түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, санхүүгийн түрээсээр үргэлжлүүлэн ашиглах хүсэлт гаргах, эсхүл түрээслүүлэгчид буцаах;
10.1.2. энэ хуулийн 5.1.1-д заасан гэрээ байгуулсан бол үнийг нь тохирсон хугацаанаас өмнө урьдчилан төлж түрээсийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хүсэлтийг түрээслүүлэгчид гаргах;
10.1.3. гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгчид гомдлын шаардлага тавихаас өмнө гуравдагч талын учруулсан хохирлыг тухайн этгээдээс нэхэмжлэх;
10.1.4. түрээсийн зүйлийг хүлээн авсан үеэс, харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж түрээсэлсэн бол үйлдвэрлэл эхэлсний дараа түрээсийн төлбөр төлж эхлэх;
10.1.5. хүлээн авах үед биет байдлын болон эрхийн зөрчилтэй байвал түрээсийн зүйлийг буцаах, эсхүл үнэ төлбөргүйгээр засах, иж бүрэн болгох, түрээсийн төлбөрийг зохих хэмжээгээр бууруулахыг шаардах;
10.1.6. түрээслүүлэгчийн хүлээлгэн өгч байгаа эд хөрөнгө нь түрээсийн зүйл мөн эсэхийг хүлээн авах үедээ шалгаж түрээсийн зүйл биш бол хүлээн авахаас татгалзах;
10.1.7. түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөхийг түр зогсоох;
10.1.8. хууль, гэрээнд заасан бусад эрх.
10.2.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь үүрэг хүлээнэ:
10.2.1.түрээсийн зүйлийг хүлээн авах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх;
10.2.2.түрээсийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцуулахаар түрээслүүлэгчийг түрээсийн зүйлийн байгаа газарт саадгүй нэвтрүүлэх, гэрээнд тохиролцсон санхүүгийн болон бусад бичиг баримттай танилцуулах;
10.2.3.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.
10.3.Энэ хуулийн 10.1.2-т заасан эрхийнхээ дагуу түрээслэгчийн гаргасан хүсэлтэд түрээслүүлэгч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./