23 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтад тавих хяналт

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтад тавих хяналт

23.1.Сонгуулийн бүх шатны хороод сонгууль зохион байгуулахад сонгуулийн автоматжуулсан систем, түүний бүрдэл хэсэг, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах тохиолдолд тухайн хорооноос холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий хяналтын хэсэг байгуулж ажиллуулна.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсгийг Сонгуулийн ерөнхий хороонд 3 гишүүний, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны 5 гишүүний, сонгуулийн хэсгийн хороонд 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн сонгуулийн хорооны гишүүдийн дотроос томилж, мэргэжлийн болон бусад төлөөллийг оролцуулан байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.3.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсгийг байгуулах заавар, түүний ажиллах журмыг энэ хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

23.4.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсэг дараах эрх эдэлнэ:

23.4.1.сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн ашиглалтын бэлэн байдлыг шалгах;

23.4.2.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Мэдээллийн технологийн төвөөс баталсан журам, зааврыг нэг мөр дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах;

23.4.3.хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор сонгуулийн автоматжуулсан системд оруулсан, түүнээс гаргасан, зохих сонгуулийн хороонд дамжуулсан аливаа мэдээлэл, баримт бичигтэй танилцах;

23.4.4.сонгуулийн хороодоос сонгуулийн тоо баримтын талаарх мэдээллийг сонгуулийн автоматжуулсан системд зөв оруулсан эсэх, мэдээлэлд зохих сонгуулийн хорооны шийдвэрээр засвар, нэмэлт, өөрчлөлт хийсэн бол түүнийг зөв оруулсан эсэхийг хянах;

23.4.5.мэдээллийг гараар болон автоматжуулсан хэлбэрээр боловсруулсан дүнг харьцуулах;

23.4.6.тухайн сонгуулийн хороонд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн хариуцан ажиллаж байгаа албан тушаалтан, мэдээллийн технологийн даамал, бусад ажилтнаас тайлбар гаргуулан авах;

23.4.7.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулахад энэ тухай тэмдэглэл үйлдэх, бүртгэл хөтлөх, мэдээллийг цахим төхөөрөмжөөр хэвлэж баталгаажуулах, цахим гарын үсэг зурах зэрэг хууль, журамд заасан үйлдлийг заавал хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

23.4.8.хяналт шалгалтын ажилд зохих эрх бүхий шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулах асуудлыг тухайн сонгуулийн хороонд тавих;

23.4.9.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах журам, зааврыг мөрдөж ажиллах талаар холбогдох албан тушаалтан, ажилтанд шаардлага тавих.

23.5.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, зөрчил илрүүлсэн тохиолдолд хяналтын хэсэг энэ тухай үндэслэл, нотолгоо бүхий тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулсны үндсэн дээр зохих шатны сонгуулийн хорооны даргад даруй танилцуулж, зөрчлийг арилгах саналаа тухайн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

23.6.Энэ хуулийн 23.1-д заасан хяналтын хэсгийн хяналт шалгалтын материалыг тухайн сонгуулийн хорооны албан хэрэгт хадгална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.