28 дугаар зүйл. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг сонгох
28.1.Сонгуульд ашиглах автоматжуулсан системийн технологи, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сонгох ажиллагааг дор дурдсан журмаар явуулна:
28.1.1.тухайн сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсон захиалгыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, түүнийг үндэслэн сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлсэн технологийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан байгуулах; /Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.1.2.энэ хуулийн 28.1.1-д заасан ажлын хэсгийн бэлтгэсэн саналыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэж, дэмжсэн техник, технологийн шийдлийн талаар Улсын Их Хуралд танилцуулах.
28.2.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг худалдан авах ажиллагааг дор дурдсан журмаар явуулна:
28.2.1.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг худалдан авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл орсон комисс зохион байгуулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, холбогдох саналыг Сонгуулийн ерөнхий хороонд оруулж шийдвэрлүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2.2.энэ хуулийн 28.2.1-д заасан сонгон шалгаруулалт явуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж мөрдүүлэх.
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.3.Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийн болон харилцаа холбооны үйлчилгээг худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./