7 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх

СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хорооны бүрэн эрх

7.1.Хороо дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.ард нийтийн санал асуулга болон сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах;

7.1.2.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

7.1.3.сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;

7.1.4.ард нийтийн санал асуулга болон сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

7.1.5.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн зардлын төсвийг батлагдсан хэмжээний дотор хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

7.1.6.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах;

7.1.7.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжид заасан дүрэм, журам, заавар, баримт бичгийн загвар маягт батлах;

7.1.8.сонгуулийн төв архивыг зохион байгуулах, үүнтэй холбогдуулан архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран сонгуулийн баримт бичгийг архивт шилжүүлэх, хадгалах журам баталж мөрдүүлэх;

7.1.9.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхэд оруулах;

7.1.10.сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд санал тавих;

7.1.11.ард нийтийн санал асуулга болон сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал, Засгийн газарт санал оруулах;

7.1.12.Хорооны дүрмийг хэлэлцэн батлах;

7.1.13.Хорооны төсвийн төсөл, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

7.1.14.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар сонгуулийн хороод, сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад туслах үүрэг бүхий төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох бусад байгууллагаас шаардлагатай баримт, мэдээ сэлтийг гаргуулж авах, зохих албан тушаалтны мэдээллийг сонсож, хууль биелүүлэх асуудлаар үүрэг даалгавар өгөх;

7.1.15.сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг батлах;

/Энэ заалтыг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.1.16.хуульд заасан бусад бүрэн эрх.

7.2.Хороо ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.2.1.нутаг дэвсгэрийн хороог байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах;

7.2.2.нутаг дэвсгэрийн хорооны үйл ажиллагааг дуусгавар болгох;

7.2.3.ард нийтийн санал асуулгын талаар гаргасан өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх;

7.2.4.ард нийтийн санал асуулгын саналын хуудсыг хэвлүүлэх, хуваарилах;

7.2.5.ард нийтийн санал асуулгын нэгдсэн дүнг гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.2.6.Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан бусад бүрэн эрх.

7.3.Хороо Монгол Улсын Их Хурлын сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.3.1.Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, түүнийг өөрчлөх талаархи саналыг Улсын Их Хуралд оруулах;

7.3.2.сонгуулийн тойргийн хороог байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах;

7.3.3.сонгуулийн тойргийн хорооны үйл ажиллагааг дуусгавар болгох;

7.3.4.сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол болон сонгуулийн асуудлаар гаргасан бусад өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх, хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3.5. Улсын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын сонгуулийн эвсэл /цаашид "нам, эвсэл" гэх/-ийг бүртгэх;

7.3.6.сонгуульд оролцогч нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагатай сонгуулийн асуудлаар харилцах;

7.3.7.хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох;

7.3.8.Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг батлах, түүнийг хэвлүүлэх, хуваарилах;

7.3.9.сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, сонгогдсон Улсын Их Хурлын нийт гишүүний нэрийн жагсаалтыг үйлдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлэх, тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, нийтэд мэдээлэх;

7.3.10.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандивын хэмжээ, зарцуулалтад хяналт тавих;

7.3.11.нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг хянан хэлэлцэх, дүнг нийтэд мэдээлэх;

7.3.12. Сонгуулийн тухай хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.4.1.аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.2.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг дуусгавар болгох;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.3.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол болон сонгуулийн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх, хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн нутаг дэвсгэрийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.4.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох;

7.4.5.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагатай сонгуулийн асуудлаар харилцах;

7.4.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загварыг батлах, түүнийг хэвлүүлэх, хуваарилах;

7.4.7.анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.4.8.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, нэр дэвшигчийн авсан хандивын хэмжээ, зарцуулалтад хяналт тавих;

7.4.9.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам болон сонгуульд хамтарч нэр дэвшүүлсэн намуудыг төлөөлөх байгууллагын сонгуулийн зардлын сангийн тайланг хянан хэлэлцэх, дүнг нийтэд мэдээлэх;

7.4.10. Сонгуулийн тухай хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5.Хороо аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.1.аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүний талаар тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөмж өгөх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.2.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хороодын ажилтнуудад зориулсан сургалт явуулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.3. аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг батлах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.4.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны хүсэлтээр шаардлагатай туслалцааг Хорооны бүрэн эрхийн хүрээнд үзүүлэх;

7.5.5.аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг шалган зааварлах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.6.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.7. Сонгуулийн тухай хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.6.Хороо улс төрийн намын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.1.Улс төрийн намын тухай хуулийн 9.10-т заасан мэдээллийн сан бүрдүүлж, нийтэд мэдээлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.2.төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах маягтыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.3.намд өгөх хандивын бүртгэлийг хөтлөх маягтыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.4.хуульд заасан үндэслэл, журмын дагуу намыг тараах тухай санал гаргах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.5.намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, төсөвт суулган олгох; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.6.намд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг олгох, шийдвэрлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.7.Улс төрийн намын тухай хуулийн 8.9, 10.3-т заасны дагуу хяналт хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.8.Улс төрийн намын тухай хуулийн 26.6-д заасны дагуу шийдвэр гаргах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.9.улс төрийн намын санхүүгийн тайланд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.10.Улс төрийн намын тухай хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.7.Хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд олон улсын, бүсийн, бусад улсын сонгуулийн байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаа явуулах эрхтэй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.8.Хорооноос эрх хэмжээнийхээ дотор гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.