3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"статистикийн мэдээлэл" гэж нэгдсэн хөтөлбөр, аргачлалаар цуглуулж боловсруулсан эдийн засаг, байгаль, нийгмийн холбогдолтой тоон мэдээллийг;
2/"статистикийн үйл ажиллагаа" гэж статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалахыг;
3/"статистикийн мэдээлэгч" гэж статистикийн мэдээлэл, судалгаанд хамрагдсан, Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, гадаадад үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд, Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4/"статистикийн мэдээллийг хэрэглэгч" гэж статистикийн мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хуулийн этгээд, Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
5/"албан ёсны статистикийн мэдээлэл" гэж Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээллийг;
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6//Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7//Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8/"захиргааны статистикийн мэдээлэл" гэж Үндэсний статистикийн хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж цуглуулсан мэдээллийг.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/