3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."гадаад тагнуулын үйл ажиллагаа" гэж гадаад улс, түүний байгууллагын Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн бодлого, үйл ажиллагаа, чадавхийн талаар мэдээ олох, цуглуулах, дүн шинжилгээ хийж мэдээлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой асуудлаар төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээг;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.2."сөрөх тагнуулын үйл ажиллагаа" гэж Монгол Улсын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэдээс явуулж буй тагнах болон бусад үйл ажиллагаа, Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3."гадаадын тусгай алба" гэж тагнуулын үйл ажиллагаа, эсхүл тагнуулын үйл ажиллагааны тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг гадаад улсын байгууллага, түүний салбар, нэгжийг;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.4."тагнуулын арга" гэж үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нууц болон бусад мэдээ, баримт, сэлтийг олох зорилгоор тусгай албаны ашиглаж буй арга хэмжээний цогцыг;

3.1.5."тагнуулын мэдээ" гэж тусгай алба үндсэн үүрэг зорилтынхоо дагуу нууц арга, хэрэгслээ ашиглан олж буй мэдээ, баримт сэлтийг;

3.1.6."нууц арга, хэрэгсэл" гэж мэдээ, баримт сэлт нууцаар олоход зориулагдсан арга хэрэгслийг;

3.1.7."халхавчлах" гэж тагнуулын ажлын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөр байгууллага, хүн, өөр үйл ажиллагаа, баримт бичиг болон бусад зүйл ашиглан далдлахыг;

3.1.8."нууц гүйцэтгэх ажилтан" гэж өөр байгууллагад халхавчийн дор ажиллаж байгаа тусгай албаны ажилтныг;

3.1.9."туслагч" гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг;

3.1.10."туслах ажилтан" гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай тодорхой гэрээ, урамшууллын үндсэн дээр нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.