23 дугаар зүйл. Дурсгалт газрын төрөл
1. Дурсгалт газрыг дараахь төрөлд хуваана:
1/ байгалийн дурсгалт газар;
2/ түүх, соёлын дурсгалт газар;
3/дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар.
/Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
2. Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, эртний ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, давхаргазүйн тулгуур зүсэлт зэрэг эрдэс чулуулгийн ховор олдвор,хүрхрээ, хясаа, хавцал, агуй, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цар, өрх, галт уулын тогоо зэргийг хамааруулж болно.
/Энэ хэсэгт 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
З. Түүх, соёлын дурсгалт газарт эртний хүний оромж, отог, сууц, агуй, сүг зураг, хадны бичээс, буган ба хүн чулуун хөшөө, булш бунхан, эртний хот, суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз, суваг шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд, уламжлалт зан үйлтэй холбоотой уул, овоо, тахилга бүхий болон түүхэн чухал үйл явдал болсон газар зэргийг хамааруулж болно.