33 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах
1.Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.
З.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь гадаад улсын болон олон улсын байгууллага тусгай хамгаалалттай газрын зохих бүсэд энэ хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд төслийн дагуу үйл ажиллагаа явуулахад хамаарахгүй.
4.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалал, соёл, аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой харилцаанд энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан журам үйлчлэхгүй бөгөөд хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж ашиглуулна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.Аялал жуулчлалын тухай хуулийн 4.1.4-т заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар энэ хуульд заасны дагуу явуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./