11 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын бүрэн эрх
11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
11.1.2.харьяалах нутаг дэвсгэртээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
11.1.3.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;
11.1.4.байгалийн онц аюултай үзэгдэл болон олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;
11.1.5.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
11.1.6.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх;
11.1.7.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
11.1.8.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох;
11.1.9.тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх; /Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11.2.Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
11.2.2.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;
11.2.3.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;
11.2.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх;
11.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11.3.Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.