13 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл

13.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна:

13.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;

13.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ.

13.2.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна.

13.3.Эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдтэй хамтран явуулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн төрөлтэй байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.6.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон түүнтэй холбогдох харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.7.Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.