28 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
28.1.Эмнэлгийн мэргэжилтэн дараах эрх эдэлнэ:
28.1.1.мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
28.1.2.гэнэтийн өвчин, осол гэмтлээс хүний амь насанд аюултай байдал бий болсон, төрөх зэрэг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
28.1.3.эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд эмчлэх, үйлчлэхээс татгалзах;
28.1.4.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
28.1.5.мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд төгсөлтийн дараах сургалтад байгууллагын зардлаар хамрагдах;
28.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
28.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн онцлогтой холбогдсон тодорхой эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
28.3.Энэ хуулийн 28.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар холбогдох эмнэлгийн байгууллага нөхөн олгоно.
28.4.Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ:
28.4.1.эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
28.4.2.гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх;
28.4.3.үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;
28.4.4.хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
28.4.5.өвчтөний өвчин, эмгэг болон нас барагчийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний болон нас барагчийн ар гэрийнхэнд өгөх;
28.4.6.мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
28.4.7.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.