3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;
3.1.2."эрүүл мэндийг хамгаалах" гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг;
3.1.3."эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг;
3.1.4."эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
3.1.5."эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.6."эрүүл мэндийн ажилтан" гэж эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.7."олон улсын хөл хориот өвчин" гэж Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг;
3.1.8."идэвхжсэн голомтыг цомхотгох" гэж мал, амьтнаас хүнд халдварлах байгалийн голомтот халдварт өвчний байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;
3.1.9."эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.10."сувилах" гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.11."эх барих" гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;
3.1.12."эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;
3.1.13.“эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10.б-д заасныг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.14.“эмнэлгийн хэрэгсэл” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10-т заасныг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.15."эмнэлгийн тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл" гэж эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад зайлшгүй шаардагдах туслах хэрэгслийг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.1.16."протез" гэж хүний эд, эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.1.17."эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл" гэж эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг;
3.1.18."донор" гэж Донорын тухай хуулийн 3.1.2-3.1.4-т заасныг;
3.1.19."эрүүл мэндийг дэмжих" гэж хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг.
3.1.20."эмнэлгийн бусад мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй бусад мэргэжилтнийг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.21."сэргээн засах" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.22."үндсэн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн их эмчийн анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.23."төрөлжсөн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.24."эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ" гэж хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөөс өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон үндсэн мэргэшлийн зарим нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэн, гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор харьяалах нутаг дэвсгэрт байгаа хүн бүрд нь нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.25."эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.26.“нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./