21 дугаар зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1. Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.

2. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг дараах байдлаар томилно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын хуралд төрийг төлөөлөх этгээдийг уг хурлаар хэлэлцэх асуудал бүрээр өгөх саналын удирдамжийн хамт төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд томилох;

/Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй;

/Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3/энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтоох.

/Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

3. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.

4. Төрийн өмчийн төлөөлөгч дараахь эрх үүрэгтэй:

1/ гишүүдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;

2/ төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оруулах;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/ олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх.

5.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдийг томилохдоо дараах болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно:

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;

2/тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;

3/төрийн захиргааны албан хаагч болон энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу тогтоосон этгээдийн ажилтан байх.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.Төрийн өмчийн төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

8. Төр төлөөлж Гишүүдийн хуралд оролцож байгаа төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн бусад хувийн өмчлөгчөөс төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдож байгаа гишүүний талаар санал өгөхгүй.

9. Энэ хууль болон бусад хуульд нийцүүлж Засгийн газар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн өмчийн төлөөллийн талаар тусгай журам тогтоож болно.

10./Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.Төрийн өмчийн төлөөлөгч нь төлөөлөн удирдах зөвлөлтэй тухайн хуулийн этгээдийн хэтийн төлөвлөгөөг тохиролцож, түүний хэрэгжилтийг хянаж, дүгнэхээс бусад хэлбэрээр өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.Төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс олгох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох саналыг төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

14.Төлөөлөн удирдах зөвлөл энэ хуульд заасан тайлан, бусад мэдээллийг холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, тэдгээрээс төсвийн байгууллагын санхүү болон мөнгөн хөрөнгийн гүйлгээнд нөлөөлөх байдал, ажлын үр дүнд хяналт тавина.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.Орон нутгийн өмчит, орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18.Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зээл хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь зээл авах, үнэт цаас гаргахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгөөр хандив, тусламж, түүнтэй адилтгах аливаа хөтөлбөр, арга хэмжээ, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.