211 дугаар зүйл. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт
1.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор тухайн хуулийн этгээдийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаарх санал /цаашид "зорилтын санал" гэх/-ын төслийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Зорилтын саналд ирэх 3 жилд эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон дараах зүйлийг тусгана:
1/байгууллагын 3 жилийн хэтийн зорилт;
2/үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ;
3/нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бодлогын тухай тайлбар;
4/санхүүгийн төлөв, түүний дотор төлөвлөж байгаа ашиг;
5/төсөвт оруулахаар төлөвлөсөн ногдол ашиг;
6/төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт.
21.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн, санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 3 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 04 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тухайн хуулийн этгээдийн зорилтын саналын талаар жил бүрийн 03 дугаар сарын 25-ны дотор тохиролцоно.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 4 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд зорилтын саналыг танилцуулна.
7.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргана.
8.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн тайлан нь түүний зорилтын саналтай харьцуулан дүгнэж болох ижил үзүүлэлттэй байх бөгөөд шаардлагатай мэдээллийг агуулсан байна.
9.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
11.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд тухайн төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах саналыг Засгийн газарт хүргүүлнэ: 1/энэ хуулийн 211 дүгээр зүйлийн 31-д заасны дагуу эцэслэн тохирсон зорилтын саналын хэрэгжилт гурван жил дараалан хангалтгүй гэж дүгнэгдсэн; 2/үйлдвэрлэлийг өргөжүүлэх, технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулснаас бусад тохиолдолд гурван жил дараалан санхүүгийн алдагдал хүлээсэн. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Шилэн дансны тухай хуулийн 6.1, 6.4, 6.8 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдээлэл болон дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд, мөн тэдгээрт өөрчлөлт оруулсан тухай бүрд өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ: 1/хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, менежментийн төлөвлөгөө; 2/хуулийн этгээдийн зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан хувьцааны тоо, төрөл, нэрлэсэн үнэ, өөрийн хөрөнгийн хэмжээ, биет, биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл; 3/хуулийн этгээдийн сүүлийн таван жилд хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан; 4/хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны төлөвлөгөө; 5/хуулийн этгээдийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл; 6/хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, гэрээ, түүний гүйцэтгэлийг дүгнэсэн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын гэрээг сунгах эсэх тухай гаргасан шийдвэр; 7/хуулийн этгээдийн эсрэг, эсхүл хуулийн этгээдтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хэрэг маргаан, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуульч, өмгөөлөгч, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл; 8/хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн үйл ажиллагааны болон засаглалын дотоод журам; 9/тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын мэдээлэл, хэрэгжилтийн байдал; 10/бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын болон нийлүүлэгч этгээдийн талаарх мэдээлэл, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, хэрэгжилтийн явц; 11/Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуульд заасан нууц болон холбогдох бусад хуульд заасан хаалттай, хязгаарлалттай мэдээлэл агуулаагүй төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр; 12/байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт; 13/тухайн санхүүгийн жилд төлсөн албан татвар, төлбөр, хураамж; 14/төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан дэмжлэг, хандив, тусламж. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.Энэ зүйлийн 13 дахь хэсэгт заасан мэдээллийг нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад тайлагнах үүргийг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээнд тусгана. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/