653 дугаар зүйл. Нийгмийн салбарын тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх
1.Төрөөс нийгмийн салбарт үзүүлдэг тусламж, үйлчилгээг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна.
3. Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн тусламж, үйлчилгээний чиглэлийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
5. Гүйцэтгэлийн гэрээ байгуулахдаа Иргэний хууль болон ажил гүйцэтгэх тухай гэрээний заалтуудыг баримтлахаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана:
1/энэ хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2, 4 –т заасан болзол;
2/тусламж, үйлчилгээнд тавигдах мэргэжлийн стандарт,шаардлага нөхцөлийг ханган гүйцэтгэх.
6.Гүйцэтгэлийн гэрээний явцад төрийн өмчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг ашиглах шаардлага гарвал төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэгчтэй төрийн өмчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглах тухай тусгаар гэрээ байгуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/