72 дугаар зүйл. Тооллогын комисс, түүний эрх, үүрэг

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Тооллогын комисс, түүний эрх, үүрэг

1. Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан Тооллогын комисс томилж байгуулна.

2. Тооллогын комисс байгуулах шийдвэрт тооллого эхлэх, дуусгах хугацааг тооллого явуулах салбар, нэгж бүрээр заасан байна.

3. Улсын тооллогын үед тооллогыг зохион байгуулах, тооллогын комиссын ажилд хяналт тавьж, туслах төлөөлөгчдийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага томилж ажиллуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Тооллогын комисс дараахь үүрэгтэй:

1/ эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах;

2/ тоолсон эд хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн үнийн жишигтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих;

3/ агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт, хэмжих хэрэгслийн баталгаажилт, урьдах тооллогоор өгсөн үүргийн биелэлт зэргийг тооллогын явцад шалгаж, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;

4/ комиссын хурлаар тооллогын үр дүнг хэлэлцэж, тооллогын бүртгэлийг баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүлэн өгөх;

5/ эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн үеийн зах зээлийн үнийн жишгээс хэт өндөр үнээр авсан, хэт доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг илрүүлж гэм буруутай хүмүүсээр төлүүлэх буюу данснаас хасуулах тухай саналаа тавих.

5.Тооллогын комисс дараахь эрхтэй:

1/ тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас эд хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтыг нягтлан бодогчид бүрэн шилжүүлсэн эсэхээр баталгаа гаргуулан авах ба нягтлан бодогч уг баримтуудыг хүлээн авсан эсэхийг шалгах;

2/ тооллого явуулахын өмнө эд хариуцагчдын хариуцаж байгаа бараа материалын үнэ бүхий зүйл, мөнгөн касс, агуулахыг лацдаж ломбодох болон харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст шаардах;

З/ тооллогын явц дундуур түүхий эд, бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгох явдлыг бүрэн зогсоох, харин байгууллагын хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналтын дор зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээний зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалыг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.