8 дугаар зүйл. Төрийн өмчийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх
1. Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараахь бүрэн эрхтэй:
1/ Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх;
2/ төрийн өмчийн улсын нэгдсэн тооллогын дүнгийн тухай Засгийн газрын тайланг хэлэлцэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг тогтоох;
3/ /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
4/ төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
/Энэ заалтад 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5/ төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6/ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны хувьчлалын үндсэн чиглэлийг баталж, хувьчлал хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд Монголбанкаар дамжуулан хяналт тавина;
/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
7/ хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү Улсын Их Хурал гаргах эрхтэй.