25 дугаар зүйл. Сангийн тухай тусгай зохицуулалт
1.Энэ хуульд Иргэний хуулийн 36.2-т заасаны дагуу чиг үүрэг бүхий сан хамаарах бөгөөд сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно:
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/төрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих;
2/сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх;
3/сангийн зорилгод нийцсэн бол хувь хүний сургалтын төлбөр болон түүнтэй холбогдох бусад зардал, хувь хүнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхүүжүүлэх;
4/иргэдийн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах.
2.Сан нь жил бүр олсон ашгийнхаа 5О-иас доошгүй хувийг дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулна.
3.Санг татан буулгах тухай шийдвэрийг удирдах зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар гаргана. Татан буугдсан сангийн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий санд шилжүүлэх бөгөөд хэрэв тийм сан байхгүй бол сангийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ