51 дугаар зүйл. Төлөвлөгөөт хяналт шалгалт

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Төлөвлөгөөт хяналт шалгалт

51.1.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага эрсдэлийн үнэлгээг харгалзан дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг Хяналт, үнэлгээний үндэсний хороонд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

51.2.Хяналт, үнэлгээний үндэсний хороо энэ хуулийн 51.1-д заасан төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

51.3.Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

51.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн хяналт шалгалт хамаарахгүй. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

51.5.Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Дээрх 51дүгээр зүйлийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.