4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."төсвийн тусгай шаардлага" гэж нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, төсвийн богино, дунд, урт хугацааны бодлого, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тодорхойлоход баримтлах, энэ хуулиар тогтоосон зохистой үзүүлэлтийн түвшин, харьцаа, хязгаарлалтыг;
4.1.2."гол нэр төрлийн эрдэс баялаг" гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг нь бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг;
4.1.3."гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого" гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгаас энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тодорхойлсон үнийн түвшинг баримтлан тооцож төсөвт оруулах орлогын дүнг;
4.1.4."нэгдсэн төсвийн суурь орлого" гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлогоос бусад орлогын эх үүсвэрийг;
4.1.5."нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого" гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрээс тухайн төсвийн жилд Ирээдүйн өв санд хуримтлагдсан төсвийн орлогыг хассан дүнг;
/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.6."нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл" гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг;
4.1.7."эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүн" гэж уул уурхайн салбараас бусад бүх салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний дүнг;
4.1.8."Засгийн газрын өр" гэж:
4.1.8.а/өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг;
4.1.8.б/хууль болон гэрээнд заасны дагуу гаргасан Засгийн газрын өрийн баталгааны дүнг.
/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.1.9."дунд хугацаа" гэж дараа жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийг хамарсан төсвийн гурван жилийг;
4.1.10."дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл" гэж тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв байдал, дунд хугацааны макро эдийн засгийн ба төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичгийг;
4.1.11."нэгдсэн төсөв" гэж Төсвийн тухай хуулийн 21.1-т заасныг;
/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.12.“нэгдсэн төсвийн суурь зарлага” гэж нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцсон дүнг; /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.13.“нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос суурь зарлагыг хассан дүнг. /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТӨСВИЙН УДИРДЛАГЫН ЗАРЧИМ, ТУСГАЙ ШААРДЛАГА