4 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн "БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль" хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна.

4.2.Гадаад улсын шүүхээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах, түүнд нөхөх олговор олгох асуудлыг тухайн шүүхийг харьяалах улсын хууль тогтоомж болон тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна. Монгол Улсын иргэнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснээ цагаатгасан гадаад улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг Монгол Улсын ижил төстэй байгууллагын шийдвэртэй адилтган үзэж нөхөх олговор олгох асуудлыг энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.3.Гадаад улсын шүүх, түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах, цагаатгагдсан хүмүүст тухайн улсын хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөх олговрыг шилжүүлэн авах асуудлыг тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Засгийн газар эрхлэн шийдвэрлэнэ. Гадаад улсаас нэхэмжлэн авсан нөхөх олговрыг улс төрийн хэлмэгдэгсдэд олгож байгаа нөхөх олговорт зориулан зарцуулна.

/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.