8 дугаар зүйл. Гомдол хянан шийдвэрлэсэн байгууллагаас гаргах шийдвэр
8.1.Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдвол хилс хэргийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргана.
8.2.Улс төрийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт явуулж ял төлөвлөсөн боловч Эрүүгийн хуулийн өөр зүйл ангиар ял шийтгэсэн тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол улсын дээд шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргаж болно.
/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.3.Улсын ерөнхий прокурорын газар улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж хилсээр баривчлагдан мөрдөгдсөн нь тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг хэлмэгдсэнд тооцох, эсхүл хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн нь нотлогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын аль нэгийг гаргана. Гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын шийдвэрийг гомдол гаргагч Улсын дээд шүүхэд давж заалдах эрхтэй.
/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
8.4.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан захиргааны шийдвэрээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа халагдсан, эд хөрөнгөө хураалгасан нь тогтоогдвол анхан шатны шүүх захиргааны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг хэлмэгдсэнд тооцох, эсхүл гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргана.
/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
8.5.Улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөгдсөн хүмүүсийн мөрдөн байцаалтын архивын хэрэг нь Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа боловч шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь байхгүй тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн Тагнуулын ерөнхий газраар шалгуулан цагаатгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.6.Улс төрийн хэрэгт холбогдуулан шалгасан мөрдөн байцаалтын архивын хэрэг, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол байхгүй боловч аль нэг архивын материал, бүртгэл судалгаа, картын санд бүртгэгдсэн /улс төрийн хэрэгт холбогдуулан тухайн үед эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн бүртгэл судалгаа, төр, засгийн илтгэл, мэдээлэлд хэлмэгдсэн гэх хүний талаар дурдагдсан/ материалаар Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн, Тагнуулын ерөнхий газраар шалгуулан хэргийг хянаж уг этгээдийг хэлмэгдсэнд тооцох, эсхүл эдгээр баримт тогтоогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.
/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
8.7.Улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөн байцаалт явуулсан тухай ямар нэг баримт, нотолгоо Тагнуулын ерөнхий газрын архивт байхгүй боловч улс төрийн хэрэгт баривчлагдсан тухай орон нутгийн хүмүүс баттай гэрчилж байгаа тохиолдолд иргэний болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, орон нутгийн салбар комиссын өргөдөл, гомдол, саналыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэн, Тагнуулын ерөнхий газраар шалгуулан хэргийг хянаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.8.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдэд цагаатгасан тухай, 2, 3 дахь хэсэгт заасан этгээдэд хэлмэгдсэн тухай үнэмлэхийг уг шийдвэр гаргасан байгууллага тус тус олгоно.
/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
8.9.Үнэмлэхийн загварыг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын саналыг үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс батална.
/Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор