14 дугаар зүйл. Улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах

14.1.Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, инженер, техникийн бүрэлдэхүүнийг батламжлах зэрэг журмыг Улсын нисэхийн багц дүрмээр тогтооно.

14.2.Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол зорчигчдын бие болон гар тээшинд агаарын хөлгийг эзэмшигч болон холбогдох мэргэжлийн байгууллага зохих зааврын дагуу үзлэг хийх эрхтэй.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан үзлэгээс татгалзсан үйлчлүүлэгчийг тээвэрлэхийг хориглох ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

14.4.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх зөвшөөрлийг улсын болон иргэний нисэхийн байгууллагын агаарын хөлөгт олгоно. Зөвшөөрөл хүсэгчийн өргөдлийг үндэслэн ажлын нэг өдрийн дотор олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.5.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал энэ зүйлийн 14.4-т заасан зөвшөөрөл олгосон шийдвэр гарсан даруй иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хуулбарыг хил хамгаалах байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.6.Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нисэх багийн бүрэлдэхүүнд хамгаалалтын ажилтныг ажиллуулж болно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

14.7.Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ АЖИЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.