3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."шугам" гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, радио долгион, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолборыг;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.2."сүлжээ" гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг;
3.1.3."ашиглалт" гэж харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагааг;
3.1.4."үйлчилгээ" гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг;
3.1.5."үйлчлэгч" гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.4, 9.8, 9.11-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан/
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.6."хэрэглэгч" гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;
3.1.7."зааглах цэг" гэж үйлчлэгч, хэрэглэгчийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэгийг;
3.1.8."бүх нийтийн үйлчилгээний үүрэг" гэж төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэхийг;
/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
3.1.9."бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан" гэж бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн хөрөнгийг;
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.10.“харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бүх төрлийг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.11."цахилгаан холбооны үйлчилгээ" гэж цахилгаан холбооны сүлжээг ашиглан бүх төрлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг;
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.12."дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө" гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг.
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.13."дугаартайгаа шилжих үйлчилгээ" гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.14."мэдээллийн технологи" гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.15.“зохицуулалт” гэж харилцаа холбооны чиглэлээр зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.16."домэйн нэр" гэж интернетийн нөөцийн хаягийг тодорхойлох тухайн улсад тусгайлан олгосон үсэг, тоо, бусад таних тэмдгийн хослолыг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.17."норматив баримт бичиг" гэж харилцаа холбооны үйл ажиллагааг явуулах шаардлагыг агуулсан норм, дүрэм, заавар, аргачлалыг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.18."харилцан холболт" гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.19."сүлжээнд холбогдох" гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.20."баталгаажуулах" гэж харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад нийцэж байгааг итгэмжлэгдсэн эрх бүхий этгээд бичгээр тодорхойлохыг.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.21.“үйлчилгээний хүртээмж” гэж чанар, стандартын шаардлага хангасан харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний төрлийг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ