20 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээ

ХАРЬЯАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээ

1.Монгол Улсын иргэний харьяалалтай холбогдсон асуудлаар гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон гадаад улсад оршин суугаа хүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр холбогдох бусад бичиг баримт, саналын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн барина.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, иргэний харьяаллаа алдсан хүний нэгдсэн бүртгэлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхэд тус улсын тагнуулын болон цагдаагийн төв байгууллага, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, орон нутгийн цагдаагийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газар энэ хуульд заасан журам, тус тусын чиг үүргийн дагуу оролцоно.

/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Тагнуулын төв байгууллага иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний талаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үүднээс дүгнэлт хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэхээр тодорхой санал гаргана.

5. Цагдаагийн төв байгууллага болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох албадаараа дамжуулан иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний иргэний бүртгэлийн талаар лавлагаа өгөх, бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнчлэн бусад асуудлаар санал дүгнэлт өгөх ажиллагаа тус тус явуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6. Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, орон нутгийн цагдаагийн байгууллага болон улсын бүртгэлийн байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газар нь гадаад улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа мөн асуудлаар хүсэлт гаргасан хүний хувийн байдлыг тодорхойлж дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН АСУУДЛААР ХҮСЭЛТ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.