22 дугаар зүйл. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах журам

ХАРЬЯАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах журам

1.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн буюу консулын газар,Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Ерөнхийлөгчид уламжилна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Хүсэлтийг хүлээн авсан аймаг, нийслэлийн Засаг дарга уг хүний талаар тодорхойлолт, дүгнэлтийг сум, баг, дүүрэг хорооны Засаг даргаас гаргуулан авна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Хүсэлтийг хүлээн авсан аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газар холбогдох бусад баримт бичгийн бүрдлийг шалган хэрвээ уг баримт бичиг нь гадаад хэл дээр үйлдэгдсэн бол түүний албан ёсоор баталгаажуулсан орчуулга тодорхой саналын хамт Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүний талаархи санал, дүгнэлтийг тагнуулын болон цагдаагийн төв байгууллагаас авсан байна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна.

6.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтыг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.