7 дугаар зүйл. Хүүхэд Монгол Улсын харьяат байх

ХАРЬЯАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хүүхэд Монгол Улсын харьяат байх

1.Эцэг эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна.

2.Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр , эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь харьяалалгүй хүн байхад тэдний дундаас төрсөн хүүхэд хаана төрснөөс хамаарахгүйгээр Монгол Улсын харьяат байна.

4.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна.

5.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа харьяалалгүй эцэг, эх хоёрын дундаас Монгол Улсад төрсөн хүүхэд 16 нас хүрсний дараа өөрөө хүсвэл Монгол Улсын харьяат болж болно.

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.Харьяалалгүй хүний үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 нас хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат хэвээр байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.