9 дугаар зүйл. Монгол Улсын харьяат болох нөхцөл
1.Монгол Улсын харьяат болохын тулд дараахь нөхцөлийг хангасан байна:
1/амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;
2/Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
3/Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4/энэ хэсгийн 2-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх;
/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
5/Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх.
/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.Энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан нөхцөл нь насанд хүрээгүй хүн энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний харьяаллыг сэргээн тогтоолгож байгаа хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй.
3.Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгуурыг тогтоох журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/