9 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхэд тавих үндсэн шаардлага

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхэд тавих үндсэн шаардлага

9.1.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, ашиглах зөвшөөрөл авахдаа тухайн бодисын талаар дараахь мэдээллийг бүрдүүлнэ :

9.1.1. бодисын нэр, томъёо;

9.1.2. худалдааны болон техникийн нэр;

9.1.3. олон улсын бүртгэлийн дугаар;

9.1.4. ашиглах газар, зориулалт, хугацаа, тоо хэмжээ;

9.1.5. физик, химийн болон хор аюулын шинж чанар;

9.1.6. болзошгүй осол, эрсдлийн үед авах арга хэмжээ;

9.1.7. үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт;

9.1.8. тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга.

9.1.9.зөвшөөрөл хүссэн бодисын тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх боомт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.10.хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.11.үйлдвэрлэгч, эсхүл албан ёсны борлуулагчаас тухайн химийн бодисыг дагалдуулан өгсөн англи, эсхүл орос хэл дээрх хор аюулын лавлах мэдээлэл, бусад улсын хэлээр бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.12.зөвхөн шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглагдах Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон стандарт уусмал, бодис болон Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон химийн бодисын хувьд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.13.химийн хорт болон аюултай бодисыг экспортлох зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд тухайн бодисыг олон улсын хэмжээнд болон хоёр талын хооронд худалдаалж болох эрх зүйн үндэслэл, хортой, аюултай бүтээгдэхүүнийг хил дамжуулан тээвэрлэх олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хангасан тухай танилцуулга болон нийлүүлэгч, хүлээн авагч, тээвэрлэгч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь, түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.14.химийн хорт болон аюултай бодис импортлох зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.15.химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч, хүлээн авагч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан этгээдийн хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь болон түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.16.химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, улсын комиссын акт, дүгнэлтийн хуулбар, үйлдвэрлэх химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.2.Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхдээ энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.