ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 6 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.3-т заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо мөн хуулийн 481 дүгээр зүйлийн 481.3-т заасны дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд 2007 оны 10 дугаар сарын 1-ний дотор гаргана.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ ирүүлээгүй хоршоо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
- 3 дугаар зүйлХадгаламж, зээлийн үйл ажиллагааг дагнан эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргаагүй бол тухайн хоршоог татан буулгах асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ.
- 4 дугаар зүйлХоршооны тухай хуулийн 3.4.1, 3.4.2, 3.4.4-3.4.8-д заасан үйл ажиллагаа болон хадгаламж, зээлийн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаагүй бол хадгаламж, зээлийн үйл ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан өөрийн дүрэмд зохих өөрчлөлт оруулж, уг дүрмийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаа дуусгавар болсноос хойш 1 сарын дотор Улсын бүртгэлийн албанд бүртгүүлнэ.
- 5 дугаар зүйлЭнэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан хугацаанд дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргаагүй хоршоог татан буулгах асуудлыг Улсын бүртгэлийн албаны нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ.
- 6 дугаар зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хоршооны тухай хуулийн 481.4 дэх хэсгийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хоршоонд энэ хууль хамаарахгүй.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.