19 дугаар зүйл. Хот, тосгоны эдэлбэр газрын ашиглалт, зохицуулалт
19.1.Хот, тосгоны орон зайн болон газрын нөөцөд хот, тосгоны тогтоогдсон хилийн цэс доторхи нутаг дэвсгэр, газрын доор болон дээр байрлах инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж багтана.
19.2.Хот, тосгоны эдэлбэр газрыг хот байгуулалтын баримт бичиг болон хот байгуулалтын норм ба дүрэм, журамд тусгагдсаны дагуу барилгажуулж ашиглана.
19.3.Хот, тосгоны эдэлбэр газарт барилга байгууламж барих, ашиглах газар доорхи болон дээрхи орон зайг ашиглах эрх зүйн горим дэглэмийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмаар тодорхойлно.
19.4.Хот, тосгоны хил хязгаарт багтаж байгаа газар доорхи болон дээрхи орон зай нь тухайн нутгийн захиргааны байгууллагын мэдэлд хамаарагдах бөгөөд дараахь орон зайн хэсэг үүнд хамаарахгүй:
19.4.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газар доорхи нөөц баялгийн геологийн судалгаа хийх, олборлох зэрэг үйл ажиллагаа явуулах зориулалтаар байгууллага, иргэдэд олгосон газар доорхи бусад орон зайн хэсэг;
19.4.2.агаарын тээврийн зориулалтаар ашиглагдаж байгаа агаар мандлын орон зайн хэсэг.