21 дугаар зүйл. Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх
21.1.Хот байгуулалтын үйл ажиллагааг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
21.1.1.хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төслийг хэрэгжүүлэхдээ эхний ээлжинд зам тээвэр, эрчим хүч, холбоожуулалтын үндсэн сүлжээг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж зохицуулах;
21.1.2.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр ус, цахилгаан, дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, гол зам, холбоожуулалтын сүлжээнээс эхлэн барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж зохицуулах;
21.1.3.орон сууцны хороолол, үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг зам, талбай, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, тохижилтын хамт иж бүрэн гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлж зохицуулах.
21.1.4.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/