25 дугаар зүйл. Хот байгуулалтын кадастр болон хот байгуулалтын үйл ажиллагаанд тавих хяналт шинжилгээний зориулалт
25.1.Хот байгуулалтын кадастр нь хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл бүхий улсын сан мөн.
25.2.Хот байгуулалтын кадастрыг хот, суурин газарт эрхэлнэ.
25.3.Газрын кадастр нь улсын хот байгуулалтын кадастрын суурь болох бөгөөд өөрийн үйл ажиллагаатай холбоотой бусад салбарын кадастрын мэдээллийг агуулна.
25.4.Улсын хот байгуулалтын кадастр улсын хэмжээнд нэгдсэн системтэй байна.
25.5.Хот байгуулалтын кадастр нь газар нутгийн хөгжлийн болон хот, суурин газрын хот байгуулалтын төлөвлөлт, барилгажилтын баримт бичиг болох бөгөөд түүнд дараахь мэдээлэл хамаарна:
25.5.1.геодези, байр зүй, зурагзүйн материал;
25.5.2.газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл;
25.5.3.гидрогеологийн тухай мэдээлэл;
25.5.4.хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилтын тухай мэдээлэл;
25.5.5.инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц ба газар нутгийн тохижилтын тухай мэдээлэл.
25.6.Хот байгуулалтын кадастрын тухай мэдээлэл нь хот байгуулалт, зураг төслийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үндэс болно.
25.7.Хот байгуулалтын кадастрын мэдээлэл нээлттэй байна.
25.8.Энэ хуулийн 25.7-д заасан асуудалтай холбогдсон мэдээлэл буруу ташаа тарааснаас үүсэх хохирлыг уг мэдээллийг олгосон этгээд бүрэн хариуцна.
25.9.Хот байгуулалтын үйл ажиллагааны хяналт шинжилгээ нь хот байгуулалтын объектын төлөв байдал, тэдгээрийн өөрчлөлтөд ажиглалтыг идэвхтэй орчинд нэгдсэн аргачиллаар явуулах үйл ажиллагаа болно.
25.10.Хот байгуулалтын үйл ажиллагааны объектын хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнг улсын хот байгуулалтын кадастрт оруулна.