27 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх
27.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө.
27.2.Газарт орсон барилгыг нурааж зайлуулах, зам талбай, инженерийн шугам сүлжээ, мод зүлэг, тохижилтыг нөхөн сэргээх зардлыг захиалагч этгээд бүрэн хариуцна.
27.3.Хот байгуулалтын батлагдсан төлөвлөлтийн дагуу иргэнийг албадан нүүлгэх тохиолдолд түүний газар, бусад үл хөдлөх эд хөрөнгө болон энэ хугацаанд тухайн газарт эрхэлж байсан аж ахуйн үйл ажиллагаанаас олох байсан орлогыг нь үнэлэх асуудлыг тусгайлан хуулиар зохицуулна.
27.4.Энэ хуулийн 27.3-т заасны дагуу албадан нүүлгэх, түүнчлэн иргэний эзэмшлийн газрыг тохиролцсоны үндсэн дээр төр худалдан авах тохиолдолд нүүлгэн шилжүүлэхэд гарах тээврийн болон холбогдох бусад зардлыг иргэнд нөхөн олгоно.