7 дугаар зүйл. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.2.аймаг, нийслэлийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны үлгэрчилсэн дүрмийг баталж, мөрдүүлэх;
7.1.3.хот байгуулалтын норм ба дүрэм, журам батлах;
7.1.4.аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох;
7.1.5.хот байгуулалтын баримт бичигт улсын экспертизийн дүгнэлт гаргах;
7.1.6.хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдсон журам баталж, мөрдүүлэх;
7.1.7.хот байгуулалтын салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах;
7.1.8.нийслэл болон бүсийн хөгжлийн тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохицуулах;
7.1.9.орон нутгийн зэрэглэлтэй хотын хот байгуулалтын баримт бичгийг боловсруулж батлахад мэргэжлийн удирдлагаар хангаж, хэрэгжилтэнд хяналт тавих;
7.1.10.онцгой зохицуулалттай объект болон түүний нутаг дэвсгэрт хот байгуулалтын үйл ажиллагааны зохицуулалтын журам тогтоох;
7.1.11.барилгажилт, нутаг дэвсгэрийн бүсчлэлийн ашиглалтын хязгаарлалтыг тогтоох;
7.1.12.шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг батлах.
7.1.13.хот байгуулалтын талаарх хууль тогтоомж, баримт бичиг, норм, дүрэм, хот, суурин газруудын инженерийн байгууламжийн ашиглалтад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./