14 дугаар зүйл. Хангагчийн эрх, үүрэг
14.1.Хангагч дараах эрхтэй:
14.1.1.хэрэглэгчийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид үзлэг, шалгалт хийж заавар, зөвлөгөө өгөх;
14.1.2.хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах.
14.2.Хангагч дараах үүрэгтэй:
14.2.1.гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх, чанар, аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих;
14.2.2.хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулахад зориулсан тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга хийж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөөр хангах;
14.2.3.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх;
14.2.4.өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар, үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх;
14.2.5.гэнэтийн осол, аваар гарсан болон зайлшгүй урьдчилан сэргийлэх, засвар, үйлчилгээ хийх үед энэ тухай хэрэглэгчид мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах;
14.2.6.үйлчилгээний тарифын хэмжээ тогтоох саналыг боловсруулж, Зохицуулах хороогоор батлуулж, мөрдөх. /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.
14.4.Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно.
14.5.Хангагч нь үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, техникийн гэмтэл гарсан тохиолдолд зөрчлийг арилгахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авна.