1.Танхим нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.
2.Танхим нь дараахь бүрэн эрх эдэлнэ:
1/гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах асуудлаар төрийн байгууллагатай харилцах;
2/үйл ажиллагааны дүрэм, бүтэц, зохион байгуулалтаа батлах;
3/салбар болон төлөөлөгчийн газраа дотоод, гадаадад нээн ажиллуулах.
3.Танхим нь бүрэн эрхийнхээ хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна.
1/дотоод, гадаадын зах зээлийн мэдээлэл солилцох;
2/дотоод, гадаадын эдийн засгийн байгууллага, үйлдвэр, худалдааныхны судалгааны болон ажил хэргийн төлөөлөгчид солилцох, уулзалт хэлэлцээг зохион байгуулах;
3/гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлдвэрлэл, худалдаа эрхлэхтэй нь холбогдсон үйлчилгээ үзүүлэх;
4/дотоод, гадаадад үйлдвэр, худалдааны олон улсын болон төрөлжсөн үзэсгэлэн, яармаг зохион байгуулах;
5/реклам, сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх, уран сайхны зарлал, чимэглэлийн эхийг бэлтгэх, хийлгэх;
6/аж ахуйн нэгж, байгууллагууд зөвлөлгөө өгөх, үйлдвэр, худалдааны түнш эрх олохтой холбогдсон мэдээллээр хангах, боловсон хүчин бэлтгэхэд нь туслах болон бусад үйлчилгээ үзүүлэх;
7/олон улсын болон гадаад улсын худалдаа, эдийн засгийн байгууллага, танхим, худалдаа, үйлдвэрлэл дэмжих байгууллагатай хамтран ажиллах;
8/дотоодын шинээр бий болсон жижиг, дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
9/Монгол улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бусад үйл ажиллагаа явуулах.