16 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

/16 дугаар зүйлийн гарчигт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.1.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.2.хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломжийг хангахад чиглэгдсэн шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ аваx;

16.1.3.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, холбогдох байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулах, мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх. /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.4.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, уг барааны борлуулалт, үйлдвэрлэлтийг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих;

16.1.5.барааны чанарыг дээшлүүлэх, бараандаа тохирлын баталгаа авахыг шаардах;

16.1.6.барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;

16.1.7.хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах.

/16.1.4-16.1.7 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.