19 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын чиг үүрэг

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын чиг үүрэг

19.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага дор дурдсан чиг үүрэгтэй:

19.1.1.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй барааны үйлдвэрлэлт, борлуулалтыг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэх;

19.1.2.барааны чанарыг дээшлүүлэх, бараандаа тохирлын баталгаа авахыг шаардах;

19.1.3.барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;

/19.1.1-19.1.3 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.1.4.хэрэглэгчид хэрэглээний соёлын талаар албан бус сургалт явуулах;

19.1.5.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан болон гэрээний дагуу хэрэглэгчид нийлүүлэх ажил, үйлчилгээг дутуу гүйцэтгэж хохирол учруулсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

/19.1.5 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.1.6.хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн дүрэм, журмыг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах тухай саналыг эрх бүхий байгууллагад тавих;

19.1.7.хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах;

19.1.8.хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, дүнг нийтэд мэдээлэх;

/19.1.7, 19.1.8 дахь заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.1.9.хэрэглэгчийн гаргасан гомдол, саналыг үндэслэн хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар санал гаргах, түүнийгээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.10.барааны чанар, аюулгүй байдал, зах зээлийн үнийн тухай хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.