6 дугаар зүйл. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх

6.1.Хэрэглэгч үйлдвэрлэгчийн буруугаас өөрт учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх замаар эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаална.

6.2.Бараанд биет байдлын доголдол /тоо, хэмжээ, чанар, хугацаа/ болон эрхийн зөрчил илэрвэл хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд буюу хугацаа заагаагүй бол нэн даруй уг гэм хорыг арилгах буюу учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхтэй.

6.3.Хэрэглэгч согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан худалдагчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасны дагуу уг барааны доголдлыг арилгуулах, хохирлоо нөхөн төлүүлэх талаар дараахь шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй:

6.3.1.барааны доголдлыг үнэ төлбөргүй арилгуулах буюу уг доголдлыг хэрэглэгч өөрөөсөө болон гуравдагч этгээдээр арилгуулахад гаргасан зардлыг нөхөн төлүүлэх;

6.3.2.барааны үнийг доголдлын хэмжээтэй дүйцүүлэн бууруулах;

6.3.3.гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу барааг хүлээн авахаас татгалзах, эсхүл үнийг тооцож авах;

6.3.4.доголдолтой барааны оронд тухайн төрлийн доголдолгүй бараагаар солих, эсхүл барааг буцаан өгч, үнийг тооцож авах;

6.3.5.гэрээг цуцлах;

6.3.6.худалдагч нь барааны согог гэмтэл, иж бүрдлийн талаар урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд уг барааг хэрэглэгчийн шаардлагаар нэн даруй, ийм боломжгүй бол хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд, эсхүл тухайн барааг буцаан эхний ээлжинд солих буюу иж бүрдүүлж өгөх. Хэрэв ийм боломжгүй болон хэрэглэгч шаардсан бол барааны үнэ, хөлсийг бүрнээр, эсхүл зөрүүг буцааж олгох;

6.3.7.баталгаат хугацааны дотор хэрэглэгчийн буруу биш шалтгаанаар тухайн бараа хэрэгцээ хангахгүй, нуугдмал согог гэмтэлтэй нь илэрвэл худалдагч түүнийг солих, эсхүл хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд үнэ төлбөргүй засварлах. Хэрэв ийм боломжгүй болон хэрэглэгч шаардсан бол барааны үнэ хөлсийг бүрнээр, эсхүл зөрүүг буцааж олгох.

6.4.Чанарын шаардлага хангаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй ажил, үйлчилгээ үзүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг дор дурдснаар арилгуулна:

6.4.1.гэрээнд заасан болзол, чанарын шаардлага хангаагүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсний улмаас хэрэглэгчид учирсан хохирлын хэмжээгээр гэрээний үнийг багасган төлөх;

6.4.2.хэрэглэгчийн эд материалыг ашиглан ажил, үйлчилгээ гүйцэтгэхдээ гэрээний болзлыг хангаагүйгээс хэрэглэгч хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол ижил нэр төрөл, чанартай эд материалаар гэрээний болзлыг хангасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж өгөх.

6.5.Бараа, ажил, үйлчилгээний чанар, согог гэмтэл, иж бүрдлийн талаар хэрэглэгчийн тавьсан гомдол үндэслэлгүй болох нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр нотлогдсон, Иргэний хуулийн 255.1.3-т заасны дагуу хэрэглэгч нь тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөн тохиолдолд холбогдох зардлыг худалдагч хариуцахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.