3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."ажил хайгч" гэж ажилгүй, ажилтай боловч ажлын нөхцөлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн болон хандсан иргэнийг;

3.1.2."ажилгүй иргэн" г‎эж ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг;

3.1.3."ажилгүй" гэж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.4."ажил хийхэд бэлэн" гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.5."ажил идэвхтэй хайж байгаа" гэж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлж ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газрын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого хийснийг;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.6."ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн" гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өөрчлөх шаардлагатай болсон, эрхэлж байсан хувийн аж ахуй нь эрсдэлд орсны улмаас сэргээх боломжгүй болсон тухайгаа аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид мэдэгдэж, бүртгүүлсэн иргэнийг;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.7."ажил олоход хүндрэлтэй иргэн" гэж хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан иргэн, хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг;

3.1.8."хувиараа хөдөлмөр эрхлэгч" гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг;

3.1.9."малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг;

3.1.10."ажилд зуучлах" гэж ажил хайж байгаа иргэнд хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нь тохирсон ажил олоход, ажил олгогчид эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх үйлчилгээг;

3.1.11."бизнес инкубацийн үйлчилгээ" гэж хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн, түүнчлэн малчинд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн байр түрээслүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг.

3.1.12."бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч" гэж 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсхүл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг.

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.