9 дугаар зүйл. Ажилд зуучлах
9.1.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн бирж нь бүртгэсэн ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн ажилд зуучилна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.2.Хөдөлмөрийн хувийн биржийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага бүртгэж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
9.3.Энэ хуулийн 9.1-д заасан үйлчилгээний хүрээнд иргэнийг ажилд зуучлах боломжгүй бол хөдөлмөрийн хувийн бирж уг иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээнд хамруулахаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.4.Энэ хуулийн 9.2-т заасан мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хөдөлмөрийн хувийн биржид уг нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан болон оруулсан хүний тоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох бөгөөд хөдөлмөрийн хувийн бирж нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглоно.
9.5.Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.