29 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ
29.1.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна.
29.2.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.
29.3.Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.
29.4.Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;
29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.
29.5.Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.6.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэх зардлыг осол гарсан аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
29.7.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын тухай мэдээг тогтоосон журмын дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн статистикийн байгууллагад мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.8.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно.