19 дугаар зүйл. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ
1.Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад заасан албан хаагчийн гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр/-ий аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй байгаа бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг улиралд нэг удаа олгоно.
6.Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасан тэтгэмжийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу тогтоосон хэмжээтэй тэнцүү байна. Уг тэтгэмжийг улсын төсвөөс олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
Бусад заалт