10 дугаар зүйл. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх
10.1.Шалгалтаар тогтоосон цэргийн алба хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс хэтрээгүй бол тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ шалгалтын дүнг үндэслэн учирсан хохирлыг арилгуулахаар 14 хоногийн дотор эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал гаргана.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Тушаалд төлбөр барагдуулах хугацааг заах ба тушаалыг эд хөрөнгийн хариуцлага хүлээж байгаа цэргийн албан хаагчид биечлэн танилцуулна.
10.2.Шалгалтаар тогтоосон цэргийн алба хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс их байвал тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.3.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн, сонсогчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхдээ сарын цалингийн хэмжээг нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тодорхойлно.
10.4.Ногдуулсан төлбөрийг цэргийн алба хаагчийн цалингаас суутгах тохиолдолд сар бүрийн суутгалын хэмжээ нь тухайн цэргийн албан хаагчийн нэг сарын цалингийн 50 хувиас хэтэрч болохгүй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.5.Эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн цэргийн алба хаагч цэргээс халагдах, чөлөөнд гарах, цугларалт дуусах үед төлбөрөө төлж дуусаагүй бол үлдсэн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасны дагуу төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.6. Эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн цэргийн алба хаагчийг хүлээсэн төлбөрөө төлж дуусаагүй байхад өөр цэргийн анги, байгууллагад шилжүүлбэл эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн тушаалыг нь түүний шилжин очих цэргийн анги, байгуулагад нь хүргүүлж төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.7.Шүүх болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ хохирол учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ болон цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан нөхөн төлөх төлбөрийн хэмжээг багасгаж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.8.Энэ хуулийн 10.7 дахь хэсэг нь энэ хуулийн 6 дугаар зүйлд хамаарахгүй.