6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
6.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.эрчим хүчний тухай хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;
6.1.2.эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаархи төрийн бодлогыг боловсруулах;
6.1.3./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.4.байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам батлах;
6.1.5.нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.1.6.тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргах;
6.1.7./Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.8.эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн статистик мэдээллийг авах, эрчим хүчний үндэсний баланс гаргах, нормативын баримт бичгийг батлах, стандарт боловсруулах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.9.эрчим хүчний нөөцийн үнэлгээ хийх журмыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.10.эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогыг боловсруулах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.11.халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.12.эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.1.13.эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.14.эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулах, магадлал хийх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.1.15.эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг холбогдох байгууллагад олгох;
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.16.уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийн талаар судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.17.эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах;
/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.18.хийн хангамжийн сүлжээнд нийлүүлэх хийн холболтын болон хүргэлтийн эцсийн цэг, байршлыг батлах, гэрээ байгуулах шийдвэр гаргах.
/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.19.эрчим хүчний салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.2.Эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхөд эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь эрх бүхий байгууллагатай зөвшилцөнө.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/