16 дугаар зүйл. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажил
16.1.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажлыг тусгай зөвшөөрөлгүй гүйцэтгэнэ.
16.2.Геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, ашигт малтмалын хуримтлал байж болох хэтийн төлөв бүхий талбайг тогтоох зорилгоор геологийн судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, аргачлалын дагуу, тодорхой үе шаттайгаар гүйцэтгэнэ.
16.3.Улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмал эрэх ажлыг цогц байдлаар гүйцэтгэнэ.
16.4.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны мэдээлэл төрийн мэдээллийн сангийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд нийтэд нээлттэй байна.
16.5.Тусгай хэрэгцээний газарт улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж болох бөгөөд төлбөр төлөхгүй.
16.6.Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг хянаж хүлээн авах журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд нийцүүлэн батална.