24 дугаар зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2017-11-10

24.1.Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.

24.2.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.3.Энэ хуулийн 24.1-т заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.4.Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:

24.4.1.тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй;

24.4.2.тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;

/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.4.3.давс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын тухайд талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 метрээс багагүй урттай.

/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.5.Энэ хуулийн 24.4.2-т заасан давхцал гаргахгүйн тулд уурхайн талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно:

24.5.1.улсын хил;

24.5.2.нөөцөд авсан талбай;

24.5.3.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар;

/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.5.4.энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон, мөн хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай;

24.5.5.уурхайн талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.